"Qubica AMF World Cup 2017" боулингийн дэлхийн цомын тэмцээн үргэлжилж байна.

Боулингийн Дэлхийн цомын 53 дахь удаагийн тэмцээн Мексик улсын Хермосилло хотод 2017.11.04-12 өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Энэхүү тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн АНУ-д ажиллаж сурч, амьдардаг н.Нарантуяа, н.Одхүү нар /ээж хүү 2/ эх орноо төлөөлөн амжилттай оролцож байна. н.Одхүү нь АНУ-ын Боулингийн конгрессын /USBC/ Мөнгөн зэрэглэлийн дасгалжуулагч цолтой шилдэг залуу тамирчин юм. Тамирчид маань энэхүү тэмцээнд Эх орноо төлөөлөн өөрсдийн хувийн зардалаар оролцож байгааг Онцлон тэмдэглэмээр байна.

Дэлхийн цомын анхны тэмцээн 1965 онд Ирландын Дублин хотод зохион байгуулагдсан. Анхны аваргаар Финлианд улсын тамирчин Лаури Аженто тодорч байсан түүхтэй.

                                                         н.Одхүү /АНУ-ын Боулинг Конгрессын мөнгөн зэрэглэлийн дасгалжуулагч цолтой/

                                                                           н.Нарантуяа

2016 оны 10-р сарын 14-23 ны өдрүүдэд БНХАУлсын Шанхай хотод зохион байгуулагдсан 52 дахь удаагийн Дэлхийн Цомд эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Big Bowling клубын тамир Ц.Лхаасүрэн, эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд тус клубын тамирчин С.Дэлгэрцэцэг нар амжилттай оролцож байсан.

Сонирхуулахад боулингийн дэлхийн цомын 52 дахь удаагийн тэмцээн 25 жилийн дараа урд хөршийн Шанхай хотод эргэн иржээ. Хамгийн сүүлд 1991 онд БНХАУ-ын Бээжин хотноо зохиогдож байсан юм.

1965 онд Ирландын Дублин хотод анхны тэмцээн зохиогдоход ердөө 20 орны эрэгтэй тамирчид өрсөлдөж байсан бол Баруун Германд зохиогдсон 1972 оны тэмцээнээс хойш хүрээгээ тэлж, эмэгтэй тамирчид ур чадвараа сорих болсон юм.

Эмэгтэйчүүдийн анхны тэмцээнд 45 настай мексик бүсгүй Ирма Урре түрүүлсэн бөгөөд энэ тэмцээнд тэргүүлсэн хамгийн ахмад тамирчин болж байв. Харин эрчүүдээс 1987 оны аварга Италийн Ремо Форнесари 51 насандаа аваргалж байжээ.

Түүнчлэн 1976 онд Ираны нийслэл Тегеран хотод зохиогдоход 19 настай Филиппиний тамирчин Паенг Непомокено түрүүлсэн түүхтэй.

Тус тэмцээний түүхэнд тодорсон хамгийн залуу аварга филиппин эр дараа жил нь Индонезийн Жакарта хотод аваргаа хамгаалж, 1992, 1996 онд түрүүлснээр гиннесийн номд бүртгэгдсэн юм.

Тэгвэл 1994 онд оролцогчдын хүрээлэл 50 улс оролцож байсан бол, 10 жилийн дараа оролцогчдын тоо 94 орны тамирчид оролцдог болсон юм. Манай улсаас анх 2009 онд Малайз улсын Милака хотод зохион байгуулагдсан тэмцээнд боулингийн спортын мастер М.Түвшинсанаа амжилттай оролцож анхны шанг татсан түүхтэй. Энэ цагаас хойш өнөөдрийг хүртэл Манай улсаас Дэлхийн цомын тэмцээнд тогтмол оролцож байна.

Монгол Улсаас Дэлхийн цомын тэмцээнд оролцсон байдал:

- 2009 он Малайз улсын Милака хот, М.Түвшинсанаа

- 2011 он Өмнөд африк улсын Йоханнесбург хот, М.Түвшинсанаа

- 2012 он Польш улсын Врослав хот, Х.Өлзийхорол, С.Баярхүү, дасгалжуулагчаар Э.Бат-орших.

- 2013 оны ОХУ Красноярск хот, Ж.Содномдорж, Х.Өлзийхорол

- 2014 онд Польш улсын Вроцлав хот, Б.Долгормаа, Ш.Баатар

-2015 онд АНУлсын Лас Вегас хот, н.Оюунцэцэг, н.Энхбаатар

-2016 он БНХАУлсын Шанхай хот Ц.Лхаасүрэн, С.Дэлгэрцэцэг нар тус тус амжилттай оролцож байсан.

Тэмцээн оролцогчиддоо нийт боулинг сонирхогчдынхоо нэрийн өмнөөс амжилт хүсье!